Төрсний дараа эхчүүд юу анхаарах ёстой вэ?

Төрсний дараах үе нь амаржсанаас хойш 6 долоо хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд биеийн эсэргүүцэл суларсан байдаг тул халдвар орохоос сэргийлэхийн тулд эрүүл ахуйн дэглэмийг баримтлах нь чухал. Дөнгөж төрсөн эх аль болох тайван байж, өдөрт 8-12 цаг унтана.
Хүүхдийн зураг

Усанд орох

Төрсний дараах үеийн хугацаанд буюу 42 хоногт төрсөн эмэгтэйг усанд орж, биендээ ус хүргэж болохгүй, толгойгоо угааж болохгүй гэх мэт хүмүүсийн дунд яригддаг яриа нь үнэнд нийцэхгүй явдал юм. Учир нь энэ нь таны болон хүүхдийн тань эрүүл мэндэд муу нөлөөтэй бөгөөд эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй. Харин энэ үед онгоцонд бус бүлээн устай шүршүүрт орж, толгойгоо угааж байх шаардлагатай. Гадна бэлэг эрхтний эрүүл ахуйн дэглэмийг маш сайн сахиж, ариун цэврийн хэрэгслийг ойр ойрхон сольж, гадна бэлэг эрхтнээ өдөр бүр бүлээн усаар угааж байх хэрэгтэй.
Хүүхдийн зураг

Гараа тогтмол угаах

Ариун цэврийн хэрэглэлээ солих, угаалгын өрөөнд орсны дараа, хүүхэд болон хөхөндөө хүрэхийн өмнө, хүүхдийнхээ даавууг сольсны дараа гараа заавал угаах шаардлагатай.

Төрсний дараах үеийн хооллолт

Жирэмсэн үеийн хооллолт чухал байдгийн адил төрсний дараах үеийн хооллолт ч мөн адил чухал ач холбогдолтой. Хүүхдээ хөхүүлж буй, хөхүүлээгүй байгаа тохиолдолд ч хоол ундаа зөв тохируулах нь таныг хурдан тэнхэрч, эрүүл байхад тусална. Тиймээс төрөл бүрийн хоол хүнсийг бага багаар, ойр ойрхон хэрэглэнэ. Хөхүүл эмэгтэйн хувьд шингэнийг хангалттай хэмжээгээр хэрэглэх нь зайлшгүй чухал юм.

Хоол ундаа зөв тохируулахын тулд:

• Ногоо жимсийг өдөрт аль болох ахиу хэрэглэх • Талх, тариа будаа, сүү сүүн бүтээгдэхүүн өдөр тутам хэрэглэх • Хүнсний зүйлийнхээ нэр төрлийг олшруулах • Чихэр, тослогоо багасгах • Спиртийн төрлийн ундаанаас зайлсхийх • Өтгөн хатахаас сэргийлж бүдүүн тарианы талх, гурил хэрэглэх

Та хүүхдээ хөхөөр хооллож байгаа бол

Хөх болон хөхний толгойгоо бүлээн усаар тогтмол угаах хэрэгтэй. Харин саван хэрэглэж болохгүй. Шүршүүрт орж байхдаа суганаас хөхний толгой руу чиглэлтэйгээр зөөлөн иллэг хийх нь хөхний булчирхайн сувгууд сүүгээр бөглөрөхөөс сэргийлэх ач холбогдолтой. Усанд орсны дараа болон хүүхдээ хөхүүлсний дараа хөхний толгойг арчилгүйгээр хатаах хэрэгтэй. Биед таарсан, хөвөн даавуун материалаар хийгдсэн, хөхүүл эмэгтэйчүүдэд зориулсан хөхний даруулга хэрэглэх нь зохимжтой.

Сэтгэгдэл үлдээх

💬 Сэтгэгдэл үлдээх

Тухай

Энхүү сайт нь гэр болохоор төлөвлөж байгаа хосуудад мөн бүх ээжүүдэд зориулагдсан болно.